Ганцхан хоногийн дотор 4500 орчим цагаачдыг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-06 11:00:13

РОМ. /Sputnik/. Олон тооны төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр Италийн тэнгисийн цэрэг, эргийн хамгаалалтын алба болон Европын Холбооны хилийн алба болох Frontex-ээс 30 орчим удаа аврах ажиллагаа явуулсан байна гэж Италийн Эргийн хамгаалалтын алба мэдэгджээ.

Эргийн хамгаалалтын "Дициотти" гэдэг хөлөг онгоц л гэхэд даваа гарагт 1104 цагаачдыг аварсан байна. Дүрвэгсэд нэг жижиг хөлөг онгоц болон таван хийлдэг завиар эрсдэлтэй нөхцөлд зорчиж явжээ. Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн албанаас 124 эмэгтэй болон 18 хүүхэд, нийт 435 хүнийг аварч буй аврах ажиллагааг харуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн байна.

Европ тив дүрвэгсдийн томоохон хямралд өртөөд байгаа бөгөөд цагаачид хэдэн зуун мянгаараа Итали, Грек, Турк болон Балканы хойгийн улсуудад нэвтрэхээр оролдож байгаа юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, 2016 он гарснаас хойших хугацаанд 200 мянга гаруй хүн Европт иржээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ