Машинтай жолооч нар өрхийн эмнэлгийн ажилд дэмжлэг үзүүлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-07 16:10:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийнхэн УОК, НЭМГ болон өрхийн эмнэлэгт хүний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг болгон машинтай жолооч нараар туслан ажиллаж байна. 


Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл  мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.


НОК-оос коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар өнөөдөр танилцуулснаар, дээрх холбоод 60 жолоочтой гэрээ байгуулан,  10 дугаар сарын 4-нөөс жолооч нарыг ажиллуулж эхэлжээ. Жолооч нар ажлын зургаан өдөртэй, 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны эрхтэй аж. Мөн өдрийн хоолтой, халдвар хамгааллын хэрэгслээр хангах юм. Жолооч нарын цалин, урамшуулал, дэмжлэгийг НЭМГ-аас гаргаж байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслүүдийг өрхийн эмнэлгээс хангаж байна.




Монголын ресторан, зоогийн газрын холбооны ТУЗ-ийн гишүүн Ж.Мөнхсайхан хэлэхдээ, “Цар тахлын үед хамгийн их нэрвэгдэж, хүнд нөхцөлд ажиллаж байгаа салбарын нэг бол хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбар. Хэдий тийм ч бид УОК-оос гаргасан шийдвэрүүдийг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлж байгаа. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд УОК, НЭМГ-т болон эмч нартаа дэмжлэг үзүүлэхээр ресторан, зоогийн газруудад уриалж, өрхийн эмнэлгүүдэд машинтай жолооч нараар дэмжин туслахаар ажиллаж байна” гэв.

Холбоотой мэдээ