Ж.Болд: Д.Монголхүү хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-06 19:24:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ​“NoDoubleStandard” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүг СБД-ийн цагдаагийн хэлтэс баривчилсныг эсэргүүцсэн иргэд ХЗДХЯ-ны гадаа өнгөрсөн шөнө хоножээ.


Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ,Өнгөрсөн сарын 18-наас хойш нэр бүхий иргэд Сүхбаатарын талбай болон Ялалтын талбайд жагсаал зохион байгуулсан. Есдүгээр сарын 30-ны жагсаалын үеэр төв талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхээр нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Олон нийт цугласан энэ үед оруулж болдог, болдоггүй зүйл гэж байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан. Энэ хэргийг шалгахаар СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү түүнийг авч явсан.

Иргэн Д.Монголхүүгийн хувьд  гурван удаагийн Зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа бөгөөд энэ сарын 5-нд түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудсан боловч ирээгүй. Д.Монголхүү цагдаагийн байгууллагаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирдэггүй болохоор прокурорын зөвшөөрлөөр баривчилсан. Гэтэл шөнийн 02.30 цагт иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой обьект буюу цагдан хорих 461 анги  руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний энэ үйлдэл хэрээс хэтэрсэн.

Монгол Улс төртэй, хуультай орон. Мөрдөн шалгах ажиллагааны үйл явцыг бид нарийвчилж ярих боломжгүй" гэлээ.

 

Энэ оны эхний есөн сарын байдлаар 198 жижиг, том хэмжээний жагсаал, цуглаан болжээ. Жагсаал зохион байгуулагч тэнд оролцож байгаа иргэдийн дэг журам, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж ажиллах хуулийн зохицуулалттай байдгийг ЦЕГ-ын дарга Ж.Болд мэдээллийнхээ үеэр дурдсан юм. 

Холбоотой мэдээ