Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяо зодог тайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-29 17:44:34

МАНИЛА. /Kyodo/. Филиппиний алдарт боксчин, үндэсний баатар, улстөрч Мэнни Пакьяо 2022 оны тавдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн ажилдаа түлхүү анхаарахын тулд мэргэжлийн боксын дэвжээнээс зодог тайлж буйгаа өнөөдөр мэдэгджээ.


Дэлхийн найман өөр жингийн төрөлд ялалт байгуулсан амжилтын эзэн тэрбээр карьерийнхээ туршид нийт 72 тулаан хийснээс 62-т нь ялж, наймд нь ялагдаж, хоёр нь тэнцээгээр өндөрлөж байжээ. Тийнхүү 62 удаа ялалт байгуулахдаа 39-ыг нь нокаутаар өндөрлүүлсэн байна.


Өдгөө 42 настай сенатч М.Пакьяо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ энэ сарын 19-нд мэдэгдсэн юм. Өнгөрсөн сард тэрбээр АНУ-ын Лас-Вегас хотод Кубын тамирчин Йорденис Угастай хийсэн тулаандаа ялагдсаныхаа дараа зодог тайлах талаар эргэцүүлэн бодож буйгаа ярьж байжээ.


М.Пакьяо өмнө нь 2016 оны дөрөвдүгээр сард мэргэжлийн боксоос зодог тайлж буйгаа мэдэгдэж байсан ч тухайн оныхоо 11 дүгээр сард боксын дэвжээн дээр дахин гарч байв. Тэрбээр 2016 онд сенатч болохоосоо өмнө Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр хоёр удаа сонгогдож байжээ. 

Холбоотой мэдээ