А.Бурмаа: Одоогоор томуугийн вирус эргэлтэд ороогүй ч ирэх сараас нэлээд хүндрэл үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-24 14:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа оролцож томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


Тэрээр хэлэхдээ, “Зөвхөн томуугийн вирусээс гадна томуу төст өвчлөл үүсгэдэг маш олон вирус байдаг. "КОВИД-19" халдвар ч томуу төст өвчний тоонд орно. Улирлын томуугийн болон цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр өвчлөл нэмэгдэж байна. Тодруулбал, амьсгалын замын цочмог хүнд халдвартай эмчлүүлэгч нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 26 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлж буй иргэдийг авч үзэхэд, 16-24 болон 50-60 насныхан дунд өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа.

Харин томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, тэр дундаа 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн байдалтай байна. Түүнчлэн томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 9.2 хувьд хүрээд байна” гэлээ.


Мөн тэрбээр, 10 дугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн идэвхжил нэлээд их байдаг. Тиймээс бид зөвхөн "КОВИД-19"-ийн сорьц цуглуулалгүй, түүвэр аргаар тандалтын нэгжүүдээс ирсэн сорьцоос томуугийн болон бусад амьсгалын замын вирусийг давхар шинжилж байгаа. Шинжилгээгээр томуугийн вирус одоогоор хараахан эргэлтэд ороогүй, харин томуу төст буюу томуугийн шинж тэмдгээр илэрдэг өвчлөлүүд болох реновирус, аденовирус болон коронавирусний тохиолдлууд бүртгэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд "КОВИД-19"-өөс гадна бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирусүүд байна гэж ойлгож болно.


Цар тахлын вирустэй зэрэгцээд томуугийн өвчлөл, бусад амьсгалын замын халдвар үүсгэгч вирус эргэлтэд орвол ирэх улиралд нэлээд хүндрэлтэй байх таамаг байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд коронавируст халдварын 33 626 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Долоо хоногт бүртгэгдэх тохиолдол улам л нэмэгдэж байна. Энэ сарын 4-10-ны байдлаар, өдөрт дунджаар 4803 тохиолдол шинээр батлагдаж байсан бол одоо энэ тоо 1600 тохиолдлоор өссөн байдалтай байна.

Тиймээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч, вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай" гэв. 

Холбоотой мэдээ