Японы эгч дүүс хамгийн өндөр настай ихрүүд болжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-21 16:28:50

ТОКИО. /BBC/. Японы иргэн Үмэно Сүмияама, Коүмэ Кодама нарыг дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд хэмээн Гиннесийн номд бүртгэжээ. Тэд өдгөө 107 нас 300 хоногийг зооглосноор Японы ихэр эгч дүүс болох Кин Нарита, Гин Каниэ нарын эзэмшиж байсан амжилтыг эвдсэн байна. 


Нөхөрсөг, нийтэч зан чанартай гэгддэг Үмэно, Коүмэ нар 1913 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Шодошима арал дээр төржээ. Тэднийг Гиннесийн дээд амжилтын номд бүртгэсэн талаарх энэхүү мэдэгдлийг даваа гарагт болсон Японы өндөр настнуудыг хүндэтгэх үндэсний өдөртэй давхцуулан гаргажээ.  


“COVID-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас ихрүүдэд албан ёсны гэрчилгээг нь тус тусын амьдарч буй асрамжийн газарт нь гардуулан өгсөн байна. Гиннесийн дээд амжилтын цахим хуудсанд мэдээлснээр, Үмэно, Коүмэ нар есдүгээр сарын 1-нд дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд болжээ. 


Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан Кин, Гин нарын хувьд 2000 оны нэгдүгээр сард Кинийг 107 нас 175 хоногтойдоо нас барах хүртэл дэлхийн хамгийн өндөр настай ихрүүдэд тооцогдож байжээ. Харин ихрийн өрөөсөн Гин 108 настайдаа таалал төгссөн байна. Тэд 1892 оны наймдугаар сарын 1-нд Нагояа мужид төржээ. 


Япон улс нь хүн амын дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд өндөр настнуудаа ихэд хүндэтгэдэг. Гиннесийн номд бичсэнээр, Японы 118 настай иргэн Канэ Танака нь дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй юм.

Холбоотой мэдээ