Монголын сагсан бөмбөгчин охид дэлхийн чансааг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-20 12:08:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ ОУСБХ/-ноос "3x3" сагсан бөмбөгийн дэлхийн чансааг энэ сарын 18-ны өдөр шинэчилжээ. Уг чансааг Монгол Улсын 23 хүртэлх насны охидын баг тэргүүлжээ.


Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэйчүүдийн чансааг Монгол Улсын 1 дүгээрт эрэмбэлэгдсэн бахархалтай мэдээг ФИБА-гаас мэдээллээ.



Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн билээ. Улмаар U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм.



Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Каир хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3x3 U23 Nations League-ийн 6 цуврал тэмцээнд өрсөлдөж 3 түрүүлж, 3 удаа 2 дугаар байрт орсон.



Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3x3 Nations League-ийн Финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч 6 дугаар байрт шалгарлаа.

Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн өрсөлдсөн цорын ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байсан юм.



Дээрх цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748 763 болж Монгол Улс дэлхийн чансааны тэргүүн эгнээнд ийнхүү жагсаж эхэллээ. Мөн тус чансааны эхний 10 байрт Монголын 3 тамирчин багтсан. Тодруулбал О.Хулан чансааны 2 дугаарт, Б.Ариунцэцэг 8 дугаарт, Г.Минжин 9 дүгээр байрт бичигдэж байна.







Холбоотой мэдээ