Амьд малын шилжилт хөдөлгөөнийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-17 19:29:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас нийслэл болон бусад орон нутаг руу амьд малын шилжилт хөдөлгөөнийг хоёр сарын хугацаанд бүрэн хориглоод байна. 

Гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөр Дорнод аймгийн 11 сумын 800 гаруй үхэр өвчлөөд байгаа юм. Халдвар 20 гаруй хоногийн хугацаанд маш хурдтайгаар тархсан тул өвчлөл гарсан газруудад бүсчилсэн хатуу хөл хориог тогтоогоод байна. Тухайн бүсээс хүн малын хөдөлгөөн хийхгүй, зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зорилгоор хөдөлгөөн хийхийг зөвшөөрчээ. Харин хорио цээрийн бүсэд хамаарахгүй айл өрхөөс зах зээлд мал мах нийлүүлэх боломжтой.

Үхрийн арьс товруутах өвчний нууц үе нь 28 хоног, дархлаажуулалт тогтох хугацаа 28 хоног, өвчний шинж тэмдэг илрэх эсэхийг хянах 14 хоног шаардлагатай байдаг аж. Хамгийн сүүлийн өвчлөл болон вакцин хийснээс хойш 45 хоногт нэмж илрэхгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулах боломжтой гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ