Индонезын Ерөнхийлөгчийг агаарын бохирдолд буруутай гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-17 15:44:02

ЖАКАРТА. /Reuters/. Индонез улсын шүүхээс Ерөнхийлөгч Жоко Видодо болон бусад албан тушаалтнуудад нийслэл Жакарта хотын агаарын чанарыг сайжруулахыг үүрэг болгожээ.


Индонезын иргэд 2019 онд Ерөнхийлөгч, Эрүүл мэнд, Байгаль орчны болон Дотоод хэргийн сайд нар, орон нутгийн бусад удирдагчийг шүүхэд өгчээ. Тийнхүү шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэднийг "байгаль орчныг хамгаалахад хайхрамжгүй байдал гаргасан" буруутай гэж үзсэн байна. 


Дээрх албан тушаалтнуудын эсрэг нэхэмжлэл гаргасан нь 30 сая гаруй хүн оршин суудаг Жакарта хот болон хотын ойр орчмын агаарын бохирдлыг бууруулах талаар эрх баригчдыг арга хэмжээ авахуулах сүүлчийн арга байсан гэж нэхэмжлэл гаргагчид хэлжээ.


Шүүхээс Индонезын Ерөнхийлөгчид агаарын чанарын үндэсний стандарт тогтоохыг, харин Эрүүл мэндийн сайд, Жакарта мужийн захирагч нарт агаарын бохирдолтой тэмцэх стратеги боловсруулахыг үүрэг болгосон байна. 


Мөн агаарт ялгаруулж буй хорт бодисын хэмжээг үе үе шалгах зэрэг хуучин тээврийн хэрэгсэлтэй холбоотой бусад арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. 


Холбоотой мэдээ