Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-20 22:18:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ алга болоод нэг сар болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Иргэн Ц 2021.08.20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага 2021.08.21-ний өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ. Иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг 08.21-09.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон байжээ.

Харин ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.17-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна. 09.18-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид тус сумын “Эрхэтийн хавцал” гэдэг газраас “Дөрөө хавчих хавцал” гэдэг газар хүртэл 10км, 09.19-нд “Эрхэтийн хавцал”, “Дөрөө хавчих хавцал”, “Сангийн толгой”, “Адагийн бүтүү” гэх газруудаар  явганаар 4 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Холбоотой мэдээ