Ц.Элбэгдорж: Бид Ази, Европын уялдаа холбоог хангахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-04 11:07:25

АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг Ази, Европын Түмний 11 дүгээр чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийв.

Энэ сарын 06 хүртэл үргэлжлэх энэхүү чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөл “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон, эрх тэгш, шударга, хүртээмжтэй хөгжлийн арга замыг эрэлхийлэн хөгжүүлэхүй” сэдвийн дор чуулж байна.

Монгол Улсын иргэд улс төр, нийгэм зэрэг олон нийтийн өмнө тулгамдаж буй аливаа асуудалд идэвхтэй оролцдог. Төрийн зүгээс энэхүү оролцоог нь хангахад бүхий л талаар  дэмждэг  бөгөөд энэ нь Монгол Улсын хөгжлийн философи гэдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Аливаа улс орон иргэндээ тулгуурлан хөгждөг тул Монгол Улсын хувьд иргэний оролцоо асар үнэ цэнэтэй. Тиймээс ч бид иргэний оролцоог хангах гол тулгуур болох олон нийтийн болон ТББ-аа дэмжин ажилладаг. Гэхдээ бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагуудын дотоод засаглал, хариуцлагыг сайжруулж, хараат бус байдлыг бэхжүүлэх хэрэгтэй. Тэднийг хэн нэгэн популистын дуу хоолой болгох бус тодорхой чиглэлээр мэргэшиж, нийгэмдээ нэр хүндтэй хамт олон болоход анхаарах хэрэгтэй. Үүний тулд эрхзүй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих чиглэлд Ерөнхийлөгч манлайлан оролцох ёстой. Тиймээс ч Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийн байгууллагын эрхийн чиглэлээр 5 хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа. Үүнийг амжилттай боловсруулахын тулд иргэний нийгмийн байгууллагыг олон улсад хэрхэн дэмжиж байна вэ гэдгийг харах ёстой. Өөрөөр хэлбэл, Бид та бүхнээс суралцмаар байна.

Монгол бол Ази, Европ тивийн уулзварт оршдог. Бид 800 жилийн тэртээ морин өртөөгөөр Ази, Европыг холбож, дэлхий нийтэд харилцаа холбоо, шуудангийн гайхамшгийг харуулж байсан. Бид одоо ч энэ уялдаа холбоог хангахыг хүсч байна” хэмээв.

Монгол Улс АСЕМ-ын хүрээнд Эмэгтэйчүүдийн уулзалт, Хууль бэхжүүлж, төрийг цэвэр байлгах чиглэлээр уулзалт зохион байгуулдаг болон санаачлага гаргасныг дурьдаад “Та бүхэн бидний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Тун удахгүй АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болно. Энэ уулзалтад бид дагалдах хурлуудаас гарсан шийдэл, санал санаачлагыг танилцуулдаг. Монгол Улс даргалагч орны хувьд та бүхний дуу хоолойг төр засгийн тэргүүн нарт хүргэхийн хичээх болно” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраалбал

Холбоотой мэдээ