БНСУ-ын шүүх хариуцлага алдсан албан тушаалтанд ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-07-04 10:56:50

Өнгөрсөн жилийн 8 дугаар сард Канвонду хотын Чүнчон голын гүүрний засварын ажлыг гүйцэтгэж байсан хоёр монголын иргэн амь насаа алдсан хэргийг Солонгосын шүүх хэлэлцэж ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд ял оноов.

Ажил хариуцагч Иму Жонд 6 сар, Канда-д 4 сарын хорих ял оноож, хариуцлага алдсан бусад хүнд ч нэг жилийн тэнсэн харгалзах ялыг оноож, 5 сая төгрөгийн торгууль оноожээ.  Чүнчон голын Увол гүүрний төмөр хашааг холбосон 10 м урттай хөлний гишгүүрийн тавцангаас барилгын эд материалыг зөөвөрлөж байхдаа монгол иргэд осолджээ. Уг ослыг мөрдөн шалгахад ажлын байранд аюул учруулах эд юмсыг зайлуулах, гишгүүрийн тавцанг шалгаагүй болохыг тогтоож ажлын байрны аюулгүй ажиллагааны сургалт явуулаагүй, ажилчид аваарын хантаазаа тайлсан, тавцан гишгүүрт хуучин төмөр эдийг ашигласан нь хүн амиа алдахад хүргэснийг баталсан байна. Шүүх хурлаар шүүгдэгчид буруугаа хүлээж, шүүх хурлыг даргалагч талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй харилцан тохиролцож, дээрх шийдвэрийг гаргажээ. БНСУ-ын шүүхээс ийм мэдээг нас барсан монгол иргэний ар гэрийнхэнд ирүүлсэн байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ