Хөвсгөл аймагт отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-14 14:26:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор  тус аймгийн нутаг дэвсгэрт энэ  жил хөрш зэргэлдээ аймгуудаас отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Тус аймаг хамгийн олон мал сүрэгтэй, малын гоц халдвар өвчингүй тайван бүс нутаг юм. Иймээс эрүүл тайван бүс нутгийн статусаа бататгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хөвсгөл аймаг 2021 оны эхэнд 18112 малчин өрх, 2339 мал бүхий өрхөд нийт 5.500.553 мал тоолуулсан. Энэ онд 2.5 сая хээлтэгч тоологдсоноос 1.8 сая төл мал бойжуулж, нийт 26658 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар  8 сумын 121 малчин өрхийн 55256 толгой мал аймаг дотроо отроор өвөлжих саналаа Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ