Б.Жаргалсайхан: Худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулах шаардлагатай

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-09-13 18:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.


“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан: Энэ уулзалтыг жил болгон зохион байгуулж байх нь үр дүнтэй гэж үзэж байна. Би хэдэн зүйл хэлье. Өнөөдөр бидний амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл бол хавтгайрсан архидалт. Ажил хийдэг хүн алга. Герман Улсад архины онцгой татвар манайхаас 60 хувиар өндөр юм билээ. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхэлье. УИХ-ын даргад хандаж спиртийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх хууль санаачилж, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсье.  Улсын төсөв хэмжээтэй. Цалин нэмье гэдэг. Гэтэл Монгол Улсын төсөв 3.5 тэрбум ам.доллар. Тэгэхээр яаж цалин нэмэх вэ. Тиймээс энэ жилээс эхлээд улсын төсөв батлахдаа орон нутгууд төсвийнхөө 50 хувийг татвараар бүрдүүлүүлдэг болъё. Нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадгаа больё. Аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гээд бүгд улсын төсвөөс халбагадаж байдаг. Гэвч эргээд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулдаггүй. Ачаа тээвэр саатсанаас болж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна. Нүүрс, төмрийн хүдрээ зөөж гаргаад буцахдаа хоосон ирж байна. Тиймээс төмөр замын ачаа тээврийг хоёр талдаа ачаатай явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд Хятадын тал өөрсдийнхөө үйлдвэрлэлийг явуулахын тулд өдөртөө манай ачааг явуулна. Нүүрсний хэрэгцээ ихэссээр байхад 20 сая тонн л гаргаж байна. Бид үүнийг нэмэхийн тулд чөлөөт бүс байгуулж, хилийн боомтоо цэгцлэх хэрэгтэй. Худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулах шаардлагатай байна" гэв.

Холбоотой мэдээ