995,2 мян га бэлчээрийг сум дундын отрын бүс болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-13 14:04:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 8 сумыг хамарсан 19 байршилд 995,2 мян га бэлчээрийг сум дундын отрын бүс нутгаар шинэчлэн батлууллаа. 

Дээрх отрын бүсийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулсан байна. Аймаг дундын отрын бүсэд орж өвөлжих өрх, мал сүрэг байхгүй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Малын өвчин гарсантай холбоотой отор нүүдлийг Мал эмнэлгийн газраас хяналт тавин ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2.9 сая гаруй толгой мал намаржиж байна. Нийт мал сүргийн 60 гаруй хувь нь дундаас дээш тарга хүчтэй байгаа аж. Нутгийн 20 хувь нь ногоотой, 30 хувь гандуу, 50 хувь нь гантай, баруун бүсийн болон говийн сумдаар намаржилт тааруу байна. Аймгийн хэмжээнд хадлан тэжээл бэлтгэх боломж тааруу тул хадлан сайн гарсан аймгуудын аж ахуйн нэгж, хадлангийн бригадтай гэрээ байгуулах өвс, тэжээл татах яриа хэлцэл хийж эхлээд байгаа аж. Малчид, иргэдийн оролцоотойгоор одоогийн байдлаар 138,0 тн өвс хадлан, 31,6 тн гар тэжээл, 67,0 тн хужир шүү татаад байна.

Холбоотой мэдээ