Зэс барын “Жадамба” их хөлгөн судрыг сэргээн хэвлэжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-09 12:57:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. VIII Богд Жавзандамба хутагтын зарлигаар бүтээсэн зэс барын Жадамба буюу “Найман мянгат” хэмээх их хөлгөн судрыг дахин сэргээн хэвлэжээ.


Энэхүү судрыг Монголын бурхан шашны сүм хийдүүд, томоохон номын сан, музейд хүлээлгэн өгөх ёслол Богд хааны ордон музейд өчигдөр болов.


Польш улсын Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш  Р.Бямбаа хэлэхдээ,VIII Богд гэгээн Жавзандамба Хутагт 1911 онд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад шашны ном судар хэвлэх гурван том ажлыг зохион байгуулсан. Зэс барын Жадамба болон Ганжуур судрыг зарлигаараа бүтээлгэж, Данжуур судрыг хэвлүүлэх ажлыг эхлүүлсэн. Жадамба судрын эх хувь нь Үндэсний төв номын санд хадгалагдаж буй. Зэс барын “Жадамба” буюу “Хутагт билгийн чинад хязгаар хүрсэн найман мянган нэрт” хэмээх Их хөлгөн судрын төвөд эхийг анх хэвлэсэн тэр хэмжээгээр нь дахин хэвлэн гаргаж байна. Энэхүү судрыг Далай чойнхор вангийн хошууны нэртэй урчууд бүтээсэн” хэмээв.


Богд Хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, “Монголчууд эртнээс бурхнаа дээдэлж, ном судраа хоймортоо залдаг ард түмэн. Хэмжээгүй эрхт хаан, VIII  Богд Жавзандамба хутагтын бүтээлгэсэн энэхүү зэс барыг манай музейтэй хамтран  ажилладаг, Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш, Р.Бямбаа ламтны санаачилгаар “Мөнхийн үсэг” компанид хэвлүүллээ. Энэхүү судрыг сүм хийд, номын сангуудад хандивласнаар монгол түмний оюун тархинд гэрэл гэгээ нэмнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.


Энэ үеэр тус музейд Монгол, Төвөд, Хятадад хэвлэсэн “Жадамба” судруудаар үзэсгэлэн гаргасан байлаа.


Тодруулга: 1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII  Богд Жавзандамба хутагтыг Шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж, энэ өдрөөс “Олноо өргөгдсөн “ хэмээх шинэ он тоололтой болсон. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан, Монгол төрийн мэлмий нээгдсэн , “Олноо өргөгдсөн”  Монгол Улсын анхдугаар 1911 оны үед бүтээж эхэлсэн Мигжэд Жанрайсаг хэмээх Монгол түмний их шүтээнийг сүмийн хамт бүтээхдээ 10000 Аюуш бурхан, 1000 ширхэг “Зэс барын Жадамба” судар, Бурхан багшийн найман суварга тэргүүтэнг бүтээсэн гэдэг.


Г.Шинэтогтох


Холбоотой мэдээ