“Хорт зуршилгүй залуу” хөтөлбөрт архинаас татгалзах хүсэлтэй залуусыг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-09 08:58:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, ЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв хамтран  "Хорт зуршилгүй залуу" олон талт нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна. 


Тус хөтөлбөрийг Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 15-34 насны зорилтот бүлгийн залуучуудыг хорт зуршлаас ангид байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм.


Энэ хүрээнд 7 дугаар сарын 19-нөөс эхлэн нийт 30 залууг сайн дурын үндсэн дээр хоёр ээлжээр наркологийн эмнэлэгт долоо хоногийн эмчилгээнд хамруулж, ХЗДХЯ-ны харьяа “Цагаан өргөө” амралт, сувиллын газарт 21 хоног тусгай хөтөлбөрт хамруулжээ.

 

Уг хөтөлбөрөөр дамжуулан эмийн болон хордлого тайлах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал эмчилгээ болон сэтгэц, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна хувь хүний болон амьдрах ухааны сургалтаар дамжуулан “Дэмжих бүлэг”-ийг зохион байгуулсан байна. Тус бүлэг хоёр жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан залуучуудтай эргэх холбоотой ажиллах юм.

 

Мөн хамрагдсан залуучуудын ар гэрт сургалт зохион байгуулж, эмчилгээний дараа ажилд зуучлах, мэргэжил олгох сургалт дамжаанд хамруулах, ажил орлоготой болгох ажлыг зохион байгуулж байна.

"Хорт зуршилгүй залуу" хөтөлбөрт зорилтот бүлгийн нийт 100 залууг хамруулахаар төлөвлөжээ. 


Холбоотой мэдээ