Японд онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-07 09:24:34

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар нийслэл Токио хот, түүнтэй зэргэлдээ оршдог мужууд болон бусад бүс нутагт эмнэлгийн ачаалал бизнесийн үйл ажиллагаанд тогтоосон хязгаарлалтыг цуцлах хэмжээнд хүрээгүй байгаатай холбогдуулан “COVID-19” халдварын улмаас тогтоосон онцгой байдлыг дэглэмийг есдүгээр сарын 12-ноос хойш үргэлжлүүлэн сунгахаар төлөвлөж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.


Даваа гарагт эх сурвалжуудын мэдээлснээр, онцгой байдлын дэглэмийг 2-3 долоо хоногоор сунгаж магадгүй байна. Гэвч Ерөнхий сайд Сүга Ёшихидэ албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа тул эрх баригч Либерал Ардчилсан намын даргыг есдүгээр сарын 29-нд сонгох боломжийг бүрдүүлж, онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацааг хэзээ дуусахыг шийдэх хүртэл нэг сар орчмоор сунгаж магадгүй байгаа ажээ.


Одоогийн байдлаар, Японы 47 мужийн 21-д нь онцгой байдлын дэглэм тогтоож, хүн ихтэй газарт очихоос зайлсхийхийг оршин суугчдаас хүсэж байгаагийн зэрэгцээ зоогийн газруудад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж, оройн 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьж байгаа юм.


“Есдүгээр сарын 12-нд зөвхөн зарим мужийн хязгаарлалтыг цуцлах төлөвтэй байгаа бөгөөд ингэхдээ халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээнүүдийн зарим хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөх магадлалтай байна” гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүмигийн хувьд муждаа тогтоогоод буй онцгой байдлын дэглэмийг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Есдүгээр сарын 30-нд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа Либерал Ардчилсан намын даргын албан тушаалаас огцрох С.Ёшихидэгийн хэрэгжүүлж буй цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрбээр Эрүүл мэндийн сайд Тамүра Норихиса, “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши тэргүүтэй Засгийн газрын гишүүдтэйгээ ойрын өдрүүдэд зөвлөлдсөний дүнд албан ёсны шийдвэрийг пүрэв гараг гэхэд гаргах төлөвтэй байна.


COVID-19” хамгийн их тархаад буй бүсийн нэг болох Токиод даваа гарагт халдварын 968 тохиолдол шинээр илэрсэн нь долоодугаар сарын 19-нөөс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тоо анх удаа 1000-аас буурсан тохиолдол болжээ. Гэвч олон нийт хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтад санаа зовнисон хэвээр байна. Энэ нь ням гарагт 1853 хүнээс халдвар илэрсэнтэй харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт болсон хэдий ч амралтын өдрүүдэд цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор даваа гарагт халдварын тохиолдлын тоо ерөнхийдөө буурах хандлагатай байдаг.


Эх сурвалжуудын нэгийнх нь мэдээлснээр, Японы хотын гурван том бүс болох Токио, Осака, Аичид “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн тоон үзүүлэлт өндөр хэвээр байгаа тул тэдгээр хот болон зэргэлдээх бүс нутгуудад онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна. Долоодугаар сарын сүүл үеэс Олимпын наадмыг зохион байгуулж эхэлсэн Токиод Паралимпын наадам саяхан өндөрлөөд буй юм. Нийслэл хотод наймдугаар сард халдварын 125 600 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх сарынхаас ойролцоогоор гурав дахин өссөн байна. 

Холбоотой мэдээ