Г.Хэрлэн: Хүүхдүүдэд экологийн боловсрол олгож, эко цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-06 16:36:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгүүд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан танхим болон цахим хосолсон хэлбэрээр сургалтаа явуулж байгаа. Хосолсон сургалтын онцлог болоод цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар тодруулахаар Баруун-Урт сумын Хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Хэрлэнтэй ярилцлаа. Тус хамт олон 2021-2022 оны хичээлийн жилд хүүхдүүдэд экологийн боловсрол олгож, эко цэцэрлэг болох зорилтыг тавин ажиллаж байна. 


-Юуны өмнө танд хичээлийн 100 дахь шинэ жилийн мэндийг хүргэе? Удаан хугацааны дараа бяцхан хүүхдүүдээ цэцэрлэгтээ хүлээн авч байгаа болохоор их онцгой өдрүүд үргэлжилж байгаа байх?

-Баярлалаа. Тийм ээ их эрсдtлийг сөрөн, хүсэн хүлээсэн хичээлийн жилээ бид эхлүүлсэн сайхан өдрүүд байна. Урт удаан хугацаанд уулзаагүй багш, хүүхэд багачууд маань бие биенээ, найз нөхдөө санаж, баяр хөөртэй уулзалдлаа. Хоёр жилийн хугацаанд эзгүй байсан цэцэрлэгийн анги танхим минь дүүрч, хүүхдийн дуу цангинаад үнэхээр сайхан байна.

-Халдварын тархалт нэмэгдлэж байгаа ч боловсролын байгууллагуудын хаалгыг аль болох барихгүй байхыг зорьж байгаа. Яг энэ нөхцөлд танай цэцэрлэг ямар зарчмаар ажиллаж байна?

-Манай байгууллага БШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар халдварын үед цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах түр журмын дагуу төлөвлөгөөг боловсруулан  ажиллаж байна. Бид хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд байгууллагын дотоод, гадаад орчинд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэлийг хийлгэсэн. Ундны усыг аймгийн МХГ-ын лабораторид өгч шинжилгээнд хамруулсан. Мөн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүлгүүдийн орох, гарах гарц, өглөөний хүлээн авалт, оройны тарах цагийн хуваарийг танилцуулж байна. Цагийн хуваарийн дагуу, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хуваарьт гарцаар хөдөлгөөн хийхээр зураглалыг гаргасан. Бид хамтдаа хичээж, хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалахын төлөө хичээн ажиллаж байна

-Дээд газраас тодорхой чиглэлийг өгсөн. Гэхдээ танай цэцэрлэг өөрсдийн санаачилгаар халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хэрэгжүүлж байна?

-Бид өөрсдийн санаачилгаар хүүхэд бүрийг хувцасны уут, унтлагын хувцасны уутыг оёж хэрэглээ болголоо. Энэ хичээлийн жилд танхимын сургалтад шилжсэнээр сургуулийн өмнөх насны хүүхдэд ойлгомжтой зурган тэмдэглэгээг бид байгууллагын ойр орчмын бүсэд байрлуулан эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллан, эрсдэлтэй нөхцөлд хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, өөрийгөө болон хамт олноо хамгаалж, тасралтгүй боловсролын төлөө хичээн ажиллаж байна. Байгууллагын ажиллагсдын санаачилгаар үүсгэсэн хуримтлалаараа тэдний дархлааг дэмжих зорилгоор нийт гурван удаа дархлааны багц бүтээгдэхүүнээр хангаад байна. Хүүхэд бүрт тэгш суралцах боломж олгож байна.

-Ер нь танай цэцэрлэг хэчнээн хүүхэдтэй вэ? Одоо яг хэдэн ангид хэдэн хүүхэд суралцаж байна?

-Манай цэцэрлэг бэлтгэл, ахлах бүлгийн нийт таван бүлэгт 117 хүүхэд хамрагдахаас 64 хүүхэд танхимаар, 53 хүүхэд зайнаас хичээллэн, сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Энэ цаг үед ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж, хүүхдийн ам, хоолойг содатай усаар зайлах, гар угаах, ариутгах дадал хэвшлийг бататган тогтмолжуулж, витаминжуулалтын сарыг эхлүүлэн, шим тэжээлтэй хоол хүнсээр ханган ажиллаж байна.

-Багш ажилчид бүгд ажиллаж байгаа юу? Ажлын ачаалал өмнөх жилүүдтэй адилхан уу?

эцэрлэгийн 28 багш ажилчдаас нэг багш, хоёр ажилтан эмнэлэгт эмчлүүлээд гарсан, 25 багш ажилтан хэвийн ажиллаж байна. Хэдийгээр хамрагдах хүүхэд цөөн боловч ажлын ачаалал өмнөх үетэй харьцуулахад ихэссэн. Учир нь өвчлөл нэмэгдэж байгаа болохоор хүн бүр хичээж, багш ажилчид өөрсдийгөө төдийгүй хүүхдүүдээ хамгаалахын тулд хичээн ажиллаж буйтай холбоотой. Нөгөө талаар танхимын сургалтаа дахин цахимаар өгч байгаатай ч холбоотой. Хэдий тийм ч бидний ирээдүй болсон бяцхан үрсээ эрсдэлээс хамгаалж, боловсролыг тасалдуулахгүйн тулд байгууллагынхаа боломж, гарц бүхнээ дайчлан ажиллаж байна.

-Энэ хичээлийн жилийн сургалтын онцлог?

-Энэ хичээлийн жилд танхимын болон зайны хэлбэрт хослуулан шилжээд байна. Дээд газрын журмыг үндэслэн орон нутгийн онцлогт тохируулан өөрийн цэцэрлэгийн сургалтын зорилго зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эрүүл мэндээ эрхэмлэн нэн тэргүүнд тавьж бага наснаасаа эхлэн зөв дадал хэвшилд сургах нь чухал болохыг бидний өдөр тутмын амьдрал, өнөөгийн цаг үеийн байдал сануулсаар байна шүү дээ.

-Цахим сургалтад хүүхдүүд хэр хамрагдаж байна?

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургалтад нь маш сайн хамруулж байгаа. Одоогоор цахим сургалтын ирц 92 хувьтай байна.

-Хүүхэдгүй ажиллаж байсан болоод зуны амралтын хугацааг танай хамт олон хэр үр дүнтэй ашиглав?

-Цахимаар ажиллаж байх үед багш, ажилчид маань өөр өөрийн давуу чадвараа ашиглан “Айл бүрийн хойморт алаг мэлхий”, “Хөлөгт тоглоом хүүхэд бүрийн хөгжилд”, “Дайралцаагаар давалгаалъя”, Дайвар бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжье” сэдэвт бүтээлч аяныг өрнүүлэн сургалтын хэрэглэгдэхүүн хийх, олон нийтэд ардын уламжлалт ёс заншлаа дээдлэх, түгээх бүтээлч үйлд бусдыг уриалсан нь цахим орчинд эерэг хандалтыг түгээсэн, туршлагаа түгээн дэлгэрүүсэн шилдэг ажлууд байлаа. Зуны амралтаараа хүн бүр 10 цэцэг тарьж ургуулан, “Монгол ногоо эко төсөл”-ийг хэрэгжүүлэн 10 төрлийн хүнсний ногоог тарьж, хүүхэд багачуудын хүнсний хэрэгцээг хангахаас гадна төсвөө хэмнэх таатай боломжийг бүрдүүлэх алхмыг хийлээ.


-Монгол ногоо эко төслийнхөө талаар дэлгэрүүлээч?

-Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй энэ төслийг манай аймагт боловсролын хоёр байгууллага хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд өөрийн эзэмшлийн 32 м.кв талбайд нарийн ногооны хүлэмж, 170 м.кв талбайд хүнсний ногоо, 50 м.кв талбайд цэцгийн мандал 300 ширхэг хайлаас мод тарих, хөрс бэлтгэх, бууц бор шороо татах, газар хагалах зэрэг ажилд нийт 1,3 сая  төгрөг зарцуулсан байна. Ногооны талбайн услалтын ажлыг хөнгөвчлөх зорилгоор усны савыг 320.000 төгрөгөөр авч байршуулан ногооны талбайн услалтын асуудлыг шийдвэрлэсэн. Одоогоор нийт найман төрлийн хүнсний ногоо тарьж байна. Хүүхдүүд маань удахгүй багш ажилчдынха тарьсан ногоогоор хийсэн хоолыг иднэ гэсэн үг. Мөн ажилчид маань өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү болон бусад ногоог ургуулах онол, практикийн мэдлэг олж авсан. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнг нь ихээр мэдрэхийг манай хамт олон үнэхээр хүсч, хичээн ажиллаж байгаа.

 -Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу байна?

-Эко цэцэрлэг болох, монгол ногоо төслийн үр шимийг хүртэх, бага насны хүүхдэд экологийн боловсролыг олгох суурийг тавьж өгөх зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл эх дэлхийгээ хамгаалж, үр өгөөжийг хүртэх арга ухаанд хамтран суралцаж хүүхдэд бага наснаас нь байгалийн ухааны боловсролыг өдөр тутмынх нь үйл ажиллагаа, хэрэглээгээр нь дамжуулах олгох юм.

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ