Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Ж.Зумаг хорих ангиас суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-09-06 16:54:19

ПРЕТОРИА. /Anadolu/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч асан Жейкоб Зумаг эрүүл мэндийн шалтгааны улмаас сулласан гэж  хорих ангийн удирдлагууд ням гарагт мэдэгджээ.


Өдгөө 79 настай Ж.Зумаг Ерөнхийлөгчийн албан тушаалыг арав гаруй жил хаших хугацаандаа авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтад дуудсан боловч ирэхээс татгалзаад байсан юм. Үүнтэй холбогдуулан хоёр сарын өмнө тус улсын Дээд шүүх түүнийг шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн үзэж, 15 сарын хорих ял оноожээ.


Ерөнхийлөгч асан Ж.Зума зүүн КваЗулу-Натал мужийн Эсткурт хотын хорих ангид хэдэн долоо хоногийг өнгөрүүлснийхээ дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн байна.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ням гарагт гаргасан мэдэгдэлд, Ерөнхийлөгч асан Ж.Зума эрүүл мэндийн шалтгааны улмаас суллагдсан хэдий ч тодорхой нөхцөлүүдийг дагаж мөрдөхийн зэрэгцээ ялын хугацааг дуустал хяналтад байна гэдгийг онцолжээ.  


Ж.Зумагийн нэрэмжит “The Jacob Zuma” сангаас уг шийдвэрийг сайшааж буйгаа илэрхийлсэн байна.


"Ерөнхийлөгч асан Ж.Зума яг одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний хуулийн багтай зөвлөлдсөний дараа цаг тухай бүрт нь дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгөх болно" хэмээн тус сангийн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ