Зайны сургалтын ирц өндөр байсан ч үр дүн тааруу гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-06 15:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил болоод хичээл сургууль эхэлснээс хойш тулгамдаж буй асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн цахим хурлын үеэр танилцуулав.


Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцахаас нэгдүгээр ангид 38.842 сурагч элсэн орж байна. Энэ жил сурагчид  5:9 гэсэн зарчмаар хичээллэж буй. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийг гурав дахь жилдээ амжилттай явуулж, сурагчдын 52.6 хувь нь цахимаар бүртгүүлж, үлдсэн нь уламжлалт аргаараа бүртгүүлэв.

Сурагчид 2019-2020 оны хичээлийн жилийн тал хувьд, 2020-2021 онд нийт хугацааны 1/3-д  нь танхимаар, 2/3-д нь  зайнаас хичээллэсэн. Үүнээс үүдэн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их гарч байгаа аж. Хэдийгээр зайны сургалтын ирц өндөр, сурагчид дунджаар дунджаар 91 хувийн ирцтэй  хичээлдээ оролцож байсан ч үр дүн тааруу гарчээ. Тиймээс танхимын сургалтыг юугаар ч орлуулшгүй гэдгийг Ж.Гантулга онцлоод, энэ хичээлийн жилд танхимын сургалтыг чухалчилна гэдгийг тодотгов.

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан гаргаж, нийт 22.556 багшийг сургалтад хамруулсан байна. Танхимаар сурч байгаа хүүхдүүдийн хувьд халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд болоод ажилтнууд өвдсөн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх түр журам батлагдаад байгаа юм.

Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, ажилтнуудыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс III тунд хамруулж эхэлжээ. Мөн энэ хүрээнд сургууль, цэцэрлэг бүрд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж буй. Тус багийнхныг сургалтад хамруулсан байна.

Холбоотой мэдээ