“Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-03 09:18:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлд зориулж, “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Энэ үеэр агаарын бохирдолтой холбоотой төрийн үйлчилгээ үзүүлж, “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгохтой холбоотой үйлчилгээ, мэдээллийг хүргэнэ. Шинэлэг техник, технологи, агаарын бохирдлыг багасгахад чиглэдэг бизнес, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг сурталчилж, төрийн байгууллагаас гаргасан стандарт, норм, норматив, тэдгээрийг тайлбарлан, ойлгуулна.


Мөн стандартын ба стандарт бус зууханд түлш түлэх шаталтын ялгаа, утаа их, бага хаядаг тээврийн хэрэгслийн агаар бохирдуулах хэмжээг иргэдэд сонирхуулна.  Үүнээс үүдэлтэй технологийн шийдлийг ч санал болгох аж. Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөлтэй хамтран гэрийн дулаалгын тухай танилцуулна. Гэрээ дулаалсан болон дулаалаагүй айлын түлшний хэрэглээнд ямар зөрүү гарч байгааг иргэдэд таниулан, сурталчлахаар төлөвлөжээ.


НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэдээлснээр есдүгээр сарын хоёрны байдлаар 29.180 тн сайжруулсан түлшний нөөц агуулахад байна. Энэ сарын 15 гэхэд 53 мянган тн, 20-ны дотор 60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ