Автомашины дугаарын дуудлага худалдаагаар олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татахуйц дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ
үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар хэлэхдээ, "Хагас
жилийн хугацаанд цугласан 2 тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд
хүлээлгэн өгч байна. Цаашид шинэ сери задрах бүрд азын хэмээн хэлэлцэж заншсан татсан дугааруудыг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм. Хүүхдийн төлөө санд орж байгаа мөнгийг
оюуны болон спортын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулах юм. Тэгэхээр автомашины дугаарыг худалдан авч буй нь
хүүхдүүдээ дэмжсэн үйлдэл гэдгийг хэлье” хэмээн хэллээ.
Дуудлага худалдаанд оролцохын тулд иргэд 50
мянган төгрөгийн барьцаа байршуулах бөгөөд хүссэн дугаараа авч чадаагүй
тохиолдолд барьцааны мөнгийг буцаан олгоно.
Автотээврийн үндэсний төв энэ оны хоёрдугаар сарын 15-наас хойш 10 удаагийн дуудлага худалдааг зохион байгуулж 1 126 дугаарыг худалдан борлуулж, 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Тодруулбал, дуудлага худалдаагаар хамгийн их үнэ хүрсэн дугаар 45 сая төгрөгөөр зарагдсан бол хамгийн бага нь 100 мянган төгрөг байжээ.
Хүүхдийн
төлөө санд байршсан мөнгийг хэрхэн зарцуулах талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ, "ХНХ-ын сайдын хувьд Хүүхдийн төлөө сан байгуулагдсанд туйлын
баяртай байгаа. Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт Засгийн газрын тусгай сангийн
тухай хуулийн дагуу шилэн байна. Одоогоор Хүүхдийн төлөө санд өмнө нь
хуримтлагдсан мөнгө ТББ-ын дансанд байршиж байгаа бөгөөд сантай холбоотой журам
батлагдсан. Дөнгөж нээгдээд байгаа уг дансанд. ЗТХЯ-наас ийнхүү мөнгө
орж ирлээ. Удахгүй ТББ-ын дансанд байршиж байгаа мөнгө мөн орж ирснээр зарцуулалт нь хэн бүхэнд нээлттэй болно" гэлээ.
Сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр
зарцуулахаар журамлагдсан байна. Үүнд:
- Хүүхдийн төлөө бүтээн байгуулалтуудад,
- Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай
оролцсон хүүхдүүдийг урамшуулахад,
- Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж буй
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчид зардал олгох,
урамшуулах чиглэлээр зарцуулах юм.
Ташрамд дурдахад, ;уудлага худалдааг энэ оны 2-р сарын 15-наас эхлэн цахимаар зохион байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар
УАР , УАС , УАО , УАТ серийн / 1 серээс 387 дугаар / нийт 1548 улсын дугаарыг
дуудлага худалдаанд оруулсан байна.
Улаанбаатар хотын харьяаллын УАT серийн 387, хөдөө орон нутгийн 11 аймгийн нийт 56 дугаарын дуудлага худалдааг олон нийтэд мэдээлэн 8 дугаар сарын 30-ны өдрөөс дуудлага худалдааг цахимаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.