Орон сууцны YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын YIII хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутагт байрлах 210 га талбайд барих орон сууцны YII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталлаа.
Архитектур орон зайн барилгажилтын 18, гудамж зам талбайн 42,
цахилгааны сүлжээ 31.2, холбоо мэдээллийн сүлжээ 90, ногоон байгууламж 18
хувийн гүйцэтгэлтэй байгааг
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга
Ц.Тулга хуралдааны үеэр танилцуулав.
Хорооллын ажил удаашралтай байгааг шүүмжлээд, цаашид зохих норм, стандартын
дагуу түргэн шуурхай барих
шаардлагатайг төлөөлөгчид онцолжээ. Хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөг хууль эрх зүй, цаг хугацаа, хөрөнгө шаардсан цогц асуудал гэдгийг сануулаад,
Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөг шинэчлэн баталж, НИТХ-ын тогтоол гаргалаа.
Одоо ажиллаж буй компаниудаас хамгийн сайн гүйцэтгэлтэй нь 80.5 хувьтай, YII хорооллын гүйцэтгэл дунджаар
47 хувьтай байгаа тул хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах шаардлага
тулгарсныг холбогдох албаныхан онцолжээ.
Орон сууцны YII хороолол буюу Ногоон нуур орчмын хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөөг 2003 онд боловсруулан, 2008 онд тодотгон баталж, 2013 оноос гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөлд оруулсан. Тус хорооллын 22 байршилд есөн
хэсэгчилсэн талбайг барилгажуулахаар “Премер”, “Бэрэн групп”, “Монтед” зэрэг
таван компани тендерт шалгарч ажлаа эхэлжээ.
Долоон хэсэгчилсэн талбайд барилга барихаар гэрээ хийсэн “Баярс констракшн”,
“Асар өргөө”, “Заг” компанийн хувьд
хууль журамд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан аж.
Тус хороололд амьдрах оршин суугчдын тоог 2030 онд 38.5
мянгад хүрнэ гэж тооцоолж
байсан бол 2019 онд 30.4 мянган иргэн оршин суух болжээ. Нийгмийн дэд бүтцийн
төлөвлөлтийн хувьд ч 2030 он гэхэд 3700 хүүхдийн цэцэрлэг төлөвлөснөөс 2019 онд
1312 хүүхэд улсын, 120 хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдаж байв. Ерөнхий боловсролын сургуульд 9545
хүүхэд сургахаар төлөвлөснөөс 7685 сурагч улсын, 650 сурагч хувийн сургуульд
суралцаж байгаа. 339 ор бүхий эмнэлэгтэй байхаар төлөвлөснөөс 120 ор бүхий
улсын, 180 ортой хувийн эмнэлэг иргэдэд үйлчилдэг аж.