Цагдаагийн алба хаагчид сургууль орчмын гарцууд дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-31 14:47:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ТЦА-аас өнөөдөр мэдээллээ.


Өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хуралд Нийслэлийн боловсролын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ, Тээврийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А.Нямдорж, тус хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир нар оролцов.


ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир, “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ жил хичээл сургууль маань анги танхимаар орно. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймд цагдаагийн байгууллагын алба хаагчид сургууль орчмын гарцууд дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавина. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахдаа гарцаар гараас нь хөтөлж явах, аюулгүй тээвэрлэх шаардлагатай. Монголчуудын нийтлэг алдаа нь 10 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь явуулдаг. Үүн дээр ч цагдаагийн байгууллага хяналт шалгалтаа эрчимжүүлнэ. 2019, 2020 онуудад хичээлийн шинэ жилийн үеэр зам тээврийн осол гарч байсан.  2019 оны есдүгээр сард зам тээврийн хэрэг, ослын улмаас 59 хүүхэд гэмтэж, улсын хэмжээнд долоон хүүхдийн амь нас хохирч байв. 2020 оны есдүгээр сард 96 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж, таван хүүхдийн амь нас хохирсон” гэв.


Нийслэлийн боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ, “2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 286 сургуульд 341 мянга гаруй сурагч сурна. Есдүгээр сарын 1-ний өдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүйгээр хичээл эхэлнэ” гэлээ. 



Холбоотой мэдээ