Шинэ суурьшлын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, НОСК-т шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн шинэ суурьшлын зарим бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж НОСК-т шилжүүлнэ.
Тодруулбал, ХУД-ийн
Морингийн даваа орчмын суурьшлын бүс, “Хөгжлийн үүд” төслийн бүсэд
олгосон газрыг цуцлан, газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ын нэр
дээр шилжүүлэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгов.
Мөн БЗД-ийн Улиастай амны шинэ суурьшлын бүсэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж, тус бүсэд амьдарч буй айл өрхийн газрыг блокийн системд хувааж, бие даасан дэд бүтэц бүхий жишиг суурьшлын бүс бий болгох, зөвшөөрөл олгоогүй үлдсэн газрыг НОСК-ын нэр дээр шилжүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ.
Учир нь НИТХ-ын
тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт
цагаа ая тухтай өнгөрөөх нөхцөл бүрдүүлсэн, орчин үеийн эко амралт, зугаалга,
эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг Улиастай голын зүүн хэсэгт Хожуулт уулын Сайрын ам, Улиастай хөндий, Улиастай амны 108.5 га талбайд “Улиастай амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулан баталжээ. Энд хүүхдийн болон нөхөн сэргээх сувилал, ажилчдын байр, амбулатори, эмнэлэг, эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын байр, бизнес үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн ч 2010 оноос иргэд дур мэдэн суурьшсан аж. Өдгөө тус газарт 300 өрхийн 1080 хүн суурьшиж, 37 байшин, 108 гэр, 157 хашаа барьсан байна.
Мөн агаар орчны бохирдлыг багасгах, гэр хорооллын “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн төслийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн 7 дугаар хорооны 252 га талбайд хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулсан. Эхлээд 10 га талбайд 200 өрхийн жишиг суурьшлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл хийж, тус хоёр хорооны нутаг дэвсгэрээр дамнуулан байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл энэ байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон байна. Иймд төлөвлөлт хийсэн байршилд давхардаж буй Баянзүрх дүүргийн 3, Налайх дүүргийн 13 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр олгосон 102 га орчим газрын захирамжийг хүчингүй болгож, НОСК руу шилжүүлэх санал гаргав.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт “Хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан, зураг төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор батлан, 114 га газрын эзэмших эрхийг НОСК-д эзэмшүүлэх гэрчилгээ олгосон юм. Гэтэл ХУД-ийн Засаг даргын захирамжаар газар олгосноор тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ.