Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-26 20:31:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн тухайд Сэлэнгэ мөрөн Орхон, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэжээ. Иймээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас иргэддээ хандаж сэрэмжлүүлэг мэдээ хүргэлээ.

-Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар тээврийн хэрэгсэлтэй болгоомжтой зорчих, хувийн бэлтгэлээ сайтар хангах, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа иргэд үер, усны аюулаас сэрэмжлэх.

-Хүүхдийг гол, мөрний эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

Гол, мөрний усны түвшин үерийн аюултай хэмжээнд байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ