Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-26 10:21:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.


“Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нээлт өчигдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, “Инвескор” санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Баясгалан зэрэг албан тушаалтан оролцов.


Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахлын улмаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бичил болоод өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид нэлээд бэрхшээлтэй тулгарч байна. Энэ үед “Рио Тинто” групп нийслэл дэх бизнес эрхлэгчдээ дэмжихээр хөтөлбөр санаачлан, хэрэгжүүлэх гэж байгаа нь том эхлэл. Цаашид ч иргэдийг дэмжсэн хөтөлбөр, үйл ажиллагаа олон байгаасай гэж хүсэж байна” хэмээв.


Харин “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал эдийн засгийн гол хөшүүрэг болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хадгалж үлдэхэд нь энэ хөтөлбөр тус дэм болно гэж найдаж буйгаа илэрхийллээ.


Энэ үеэр НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, “Рио Тинто” групп, “Инвескор” санхүүгийн байгууллагын удирдлагууд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 



Холбоотой мэдээ