АНУ-д халдварын үзүүлэлтүүд нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-24 13:23:58

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-д хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалтын улмаас шинээр илэрч буй халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас баралтын тохиолдлын тоо нэмэгдсээр байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мэдээлжээ.


Тус төвийн долоо хоног тутмын тайланд дурдсанаар, улсын хэмжээнд энэ долоо хоногт өдөрт дунджаар 133 056 тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногийн дундаж үзүүлэлттэй /116 740/ харьцуулахад 14 хувиар өссөн байна. 


Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хувьд, энэ сарын 11-17-ны хоорондох долоо хоногийн дундаж үзүүлэлт 11 521 байсан нь өмнөх долоо хоногт буюу 4-10-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн хүний дундажаас /10 088/ 14.2 хувиар өссөн болохыг тайланд дурджээ.


Тодруулбал, Алабама, Флорида, Луизиана, Миссисипи, Орегон, Вашингтон зэрэг муж улсуудад “COVID-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо одоо цар тахал анх дэгдсэнээс хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.


Мөн энэ долоо хоногт 641 хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос /578/ 10.8 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ үндэсний хэмжээнд “Дельта” хувилбартай холбоотой халдварын тохиолдлын тоон үзүүлэлт 98.8 хувь хүртэл нэмэгдэх тооцоо гарсан гэдгийг тайланд дурджээ.


АНУ-д даваа гаргийн байдлаар халдварын 37.8 сая гаруй тохиолдол илэрч, 629 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан гэж Жонс Хопкинсын нэрэмжит их сургууль мэдээлжээ. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар улсын нийт хүн амын 51.5 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Холбоотой мэдээ