ФИФА-гийн Ерөнхийлөгчийг шалгасан гэх мэдээллийг няцаав

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-06-30 11:50:41

МОСКВА. /TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-гийн Ёс зүйн хорооноос тус холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино-г шалгасан тухай Германы хэвлэлд гарсан мэдээг тус холбооны удирдлага няцаасан байна.

Германы өдөр тутмын “Allgemeine Zeitung” сонинд  ФИФА-гийн Ёс зүйн хорооноос ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантино байгууллагын хөрөнгийг хувьдаа зарцуулсан байж магадгүй гэж үзэн шалгалт хийсэн гэх мэдээг ойрын эх сурвалжаасаа авч нийтэлсэн ажээ.

“Ноён Инфантино-г шалгах зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг онцолж хэлмээр байна” гэж Ёс зүйн бие даасан хорооны шалгалт явуулах асуудал эрхэлсэн танхимын төлөөлөгч Роман Гайзер мэдэгдсэн байна.

Өдгөө 46 настай УЕФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жанни Инфантино нь Цюрих хотод хоёрдугаар сарын 26-нд болсон ээлжит бус их хурлын үеэр ФИФА-гийн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн таван хүний нэг байсан бөгөөд хоёр дахь санал хураалтаар  Олон улсын хөлбөмбөгийн холбоог удирдахаар томилогдсон юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ