НҮБ-ын Монгол дахь төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-20 15:06:50

Увс /МОНЦАМЭ/. НҮБ-ын Монгол дахь төрөлжсөн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 19-ны өдөр Увс аймагт ажиллалаа. Тэднийг аймгийн Засаг дарга Ч.Чимэд хүлээн авч уулзан, аймаг орон нутгийнхаа цаг үеийн нөхцөл байдал хийгээд хэтийн хөгжлийн талаар танилцуулж, цаашид НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай илүү нягт хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикова, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Дэд суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана нар болон НҮБ-ын Монгол дахь төрөлжсөн байгууллагуудын ажилтнууд, ОБЕГ-ын төлөөлөл зэрэг албаны хүмүүс багтсан байв.

   Цар тахал тархсан энэ хүнд цаг үед алс хязгаар Увс аймгийг зорин ирсэн тэдэнд аймгийн Засаг дарга баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллана гэдгээ хэлсэн юм. Энэ үеэр хөндөгдсөн нэг чухал зүйл гэвэл цар тахлын улмаас сүүлийн хоёр жил хүүхдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа тасалдсан нь ирээдүйд маш их хор хохиролтойг онцлоод цаашдаа хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгах тал дээр хаана хаанаа анхаарч ажиллая гэдэг дээр санал нэгдсэн юм.

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын ажилтнууд Дэлхийн хүмүүнлэгийн өдрөөр Увс аймгийн Малчин суманд 20 жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн олон улсын байгууллагын ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх, цаашид Увс аймагтай үр дүнтэй хамтарч ажиллах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлаар иржээ.  

Холбоотой мэдээ