Коронавирусний халдвартай гурван жирэмсэн эх, 37 хүүхэд эмчлүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-19 17:05:27

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвараар өвчилсөн нийт 301 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

-Үүний 42 нь гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс гурав нь жирэмсэн эх, 37 нь хүүхэд байна. Тиймээс иргэд аль болох халдвар хамгааллын дэглэмийг баримталж хурим, найр, наадам зэрэг олон хүн бөөгнөрсөн газраар сэлгүүцэхгүй байх, явахгүй байх. Ялангуяа дээрх газруудад бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг дахин сануулж байна.

Ер нь халдвар авсан иргэдээс суурь өвчтэй бага насны хүүхдүүд болон, өндөр настай, жирэмсэн эхчүүд илүү хүнд тусах магадлалтай, эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал нь хөнгөн 274 хүн байна. Харин хүндэвтэр 62, биеийн байдал нь хүнд долоон иргэн байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс 32 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 2227 боллоо. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд нийт 240 сорьцод шинжилгээ хийснээс 27 иргэн халдвар авсан нь батлагдаж нийт тохиолдол 2581 болж бүртгэгдээд байгаа. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмийг нягт баримтлах. Ялангуяа амны хаалтыг зөв зүүж хэвших. Гарын ариун цэврийг сахих. Дархлаагаа байнга дэмжих шаардлагатай юм. Шинээр бүртгэгдсэн 27 тохиолдол нь Улиастай, Тосонцэнгэл, Нөмрөг, Шилүүстэй, Дөрвөлжин, Асгат, Цэцэн-Уул сумуудад бүртгэгдсэн байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ