Чацаргана боловсруулах үйлдвэр, цехийн тоо өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-17 15:56:53

Увс /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 678,9 га талбайд жимс, чацаргана тариалсан нь өмнөх жилээс ахисан үзүүлэлт гэж мэргэжлийн хүмүүс онцолж байна. Мөн тариалалтын хэмжээг дагаад боловсруулах үйлдвэр, цехүүд байгуулагдан ажиллаж байгаа аж. Тодруулбал, чацаргана боловсруулах 5 үйлдвэр, өрхийн зориулалттай бага оврын 40 орчим цех одоогоор Увс аймагт ажиллаж байна.  

  Чацаргана жимс нь найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг тул анагаах ач тусаараа “Хаан жимс” хэмээн өргөмжлөгсөөр ирсэн билээ.

   Мөнх цэвдгийн рашаан усаар тэтгэгдсэн шаварлаг, иодлог хөрс болон давст нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганы тос омега аминдэм, тэр дундаа Е витамины агууламжаараа бусад газрынхаас өвөрмөц гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг. Чацаргана нь 4 дүгээр сарын сүүлчээр болон 5 дугаар сард цэцэглэж, 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг байна.

  Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг юм. Энэ ч утгаараа чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс байдаг аж.

Холбоотой мэдээ