Ханги хилийн боомтыг ногоон бүс болгоно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-10 20:42:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтыг ногоон бүс болгож хилийн боомт дахь экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлыг албаныхан зохион байгуулж байна.

Хилээр тээвэр хийдэг жолоочийн тоог 52 байсныг 136-аар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид  ариутгалын пунктийг наймдугаар сард багтаан бүрэн ашиглалтад оруулах, зам дагуу нийт 76 тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, замын дагуу гортиг татах, аж ахуйн нэгжүүдийн тусгаарлан ажиглах байрны стандартыг хангуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар Ханги хилийн боомтоор тээвэрлэх ачаа тээврийн тоог нэмэгдүүлэх, терминал тээвэрлэлтийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх зориулалтын байгууламж байгуулах, Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” болгоход шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, Ажлын хэсгийг томилж байсан юм.

Ташрамд дурдахад Ханги хилийн боомтоос энэ оны долоодугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 05-ныг хүртэл 1,6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Холбоотой мэдээ