ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг буулган, газрыг нь чөлөөлж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн ч газраа чөлөөлөөгүй тул гараашнуудыг албадан чөлөөлж байна” гэв.
Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт
дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь
хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд
хадгалах юм. Чөлөөлсөн газар дээр
хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж
байгуулахаар төлөвлөжээ.
ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо, хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, ачаалал ихтэй эмнэлэг болсон. Энэ нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Иймд ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага бий” хэмээжээ.
Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх аж.