Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнуудыг халдвар хамгааллын багцаар хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-10 15:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сайн дурын ажилд оролцох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдийг хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнаар бэлтгэв.


Коронавируст цар тахал улс орон даяар дэгдээд буй энэ цаг үед хүүхэд хамгааллын сайн дурын ажилтны аюулгүй байдал, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай хэрэгсэл, халдвар хамгааллын багцыг дүүрэг бүрт хүлээлгэн өглөө.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгээр Монголын залуучуудын эвслийн "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөлтэй хамтран хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулж, 76 мэргэжилтэнд сайн дурын ажлыг орон нутагт мэргэжил арга зүйн удирдлагаар хангах арга зүйн дэмжлэг үзүүлсэн юм.


Сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг багасгах, сайн дурын эргүүл ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад уламжлах,зэрэг арга хэмжээ авна.


Сайн дурын ажилтнууд ажиллаж буй дүүрэг, орон нутгийнхаа Залуучуудын хөгжлийн төвүүдтэй хүүхэд, залуусын эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдлийг бууруулахад сайн дураараа гар бие оролцон хамтран ажиллах бөгөөд тэдний сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдлыг бүртгэн ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлэн баталгаажуулах аж.

Холбоотой мэдээ