Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад иргэд ковидын вакцин хийснээс сарын дараа хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-10 13:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын 165 дугаар тушаалын дагуу 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 10 хүртэл улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийдэг. Энэ дагуу тарваган тахал өвчний эсрэг, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг аймаг, орон нутгийн голомтот бүсүүдэд хийж эхэллээ. 

Дархлаажуулалтад тухайн бүс нутгийн оршин суугч иргэд, малчид, хилийн цэрэг, цагдаа зэрэг албан хаагчид болон аяллаар яваа хүмүүсийг хамруулж буй талаар Зооноз өвчин судлалын Үндэсний төвөөс мэдээллээ. Увс аймагт гэхэд Өндөрхангай, Зүүнхангай, Сагил, Ховд, Түргэн, Тариалан, Цагаанхайрхан зэрэг 8 суманд дархлаажуулалт эхэлжээ. Тус аймагт тарваган тахлын эсрэг вакцинаас 1800 хүн тун хуваарилснаас дархлаажуулалт 50 хувьтай байна. 




Дэлхий даяар тархаад буй КОВИД-19-ийн цар тахалтай холбоотойгоор коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг сарын дараа хийж буйг тархвар судлалын мэргэжилтнүүд хэлж байна. Мөн КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдэд эдгэрсний дараа 14 хоногт хийж буй аж. Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад 6-аас дээш насны бүх иргэн хамрагдах юм. 


ЭМЯ-ны гаргасан мэдээллээр энэ жил 10 аймагт тарваган тахлын халдвар гарах өндөр эрсдэлтэй байна. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь аймагт тарваган тахлын халдвар гарах эрсдэл өндөр байгаа учир иргэд тухайн амьтныг агнах, хүнсэнд хэрэглэх, өвчихгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн онд Ховд, Говь-Алтай аймагт тарваган тахлын 2 ч тохиолдол илэрч тарваган тахлын булчирхайн хэлбэрээр 3 иргэн нас барж байв. 




Холбоотой мэдээ