Хөдөлмөрийн насны хүн амын тоо багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-10 12:37:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насны хүн ам энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар багасаж 2105.7 мянгад хүрчээ.


Цар тахлын улмаас хүн амын эдийн засгийн идэвх суларснаар ажиллах хүчин өмнөх оны мөн үеийнхээс 7.7 хувиар багассан бол эдийн засгийн идэвхгүй хүн ам 8.9 хувиар нэмэгдсэнийг Монголбанкнаас гаргасан хоёрдугаар улирлын инфляцын тайланд тэмдэглэжээ. Ийнхүү тайлант улирал ажиллах хүчний оролцооны түвшний багасах хандлага үргэлжилж, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 нэгж, өмнөх улирлынхаас 2.1 нэгж хувиар багасаж 54.9 хувьд хүрлээ. Ажиллах хүчин багассан ч ажиллагчдын тоо үүнээс давж буурснаар ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс 2.2 нэгж, өмнөх улирлынхаас 1.2 нэгж хувиар нэмэгдэж 8.8 хувьд хүрсэн нь сүүлийн 6 улирлын хамгийн өндөр түвшин аж.


Ажиллагчдын тоо өмнөх улирлынхаас 69.7 мянгаар (-6.2 хувь), өмнөх оны мөн үеийнхээс 115.5 мянгаар (-9.9 хувь) тус тус багаслаа. Мөн ажиллагчдын тоо хөдөлмөрийн насны хүн амын тооноос хурдтай багассанаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх улирлынхаас 1.8 нэгж, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 нэгж хувиар багасаж 50.9 хувьд хүрэв. Боломжит ажиллах хүч болон ажилгүй хүн ам нэмэгдсэнээр хөдөлмөр дутуу ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс  4.3 нэгж, өмнөх улирлынхаас  4.1 нэгж хувиар нэмэгдэж 17.1 хувьд хүрсэн байна.


Ажил эрхлэлт, нийгмийн даатгал тайлант улиралд хөдөө аж ахуй (+17.7 хувь), эрчим хүч (+24.3 хувь)-нээс бусад салбарт ажиллагчдын тоо багасаж нийт ажиллагчдын тоо энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар багаслаа. Тухайлбал, уУул уурхай (- 9.8 хувь), боловсруулах (-11 хувь), барилга (- 12.9 хувь), худалдаа (-14.6 хувь), мэдээлэл холбоо (-54 хувь), тээвэр (-31.3 хувь) үйлчилгээний салбарт (-20 хувь) ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс багасав.


Түүнчлэн, өмнөх улирлуудад багасаад байсан нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо тайлант улиралд нэмэгджээ. Тодруулбал, албан журмаар даатгуулагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар нэмэгдсэн бол сайн дураар даатгуулагчдын тоо 6.6 хувиар буурчээ. Байгууллагын өмчийн хэлбэрээр авч үзвэл хувийн хэвшлээс даатгуулагчдын тоо 3.5, төсөвт байгууллагаас даатгуулагчдын тоо 1.7 хувиар өсөв.


Нийгмийн даатгалын сангаас энэ оны 1 дүгээр улиралд 13.6 тэрбум төгрөг (өмнөх оноос 5.1 хувиар өндөр)-ийн тэтгэмжийг 6.9 мянган хүн (өмнөх оноос 1.7 мянгаар олон)- д олгоод байна. Хүн амын ажил эрхлэлтийн түвшин буурснаас шалтгаалж шинээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар нэмэгджээ. Гэсэн ч бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 32.6 хувиар багассан аж. 

Холбоотой мэдээ