Саналын хуудас буруу тэмдэглэх явдал их гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУИХ-ын сонгуулийн 33-р тойргийн 2-р хэсэг, Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 17-р тойрогт 1149 сонгогч бүртгэгдсэн байна.
Тус хэсгийн хорооныхон энэ өглөө орон нутгийн 5 цаг 30 минутад намуудын ажиглагчдыг байлцуулан санал тоолох төхөөрөмжөө лацдаж, 6 цагт санал авах ажиллагааг нээсэн байна.
Одоогоор санал авах ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй аж. Өчигдөр зөөврийн хайрцгаар 13 хүнээс санал авснаас нэг саналын хуудас хүчингүй ирсэн байна. Тус хэсгийн хороон дээр саналаа өгч байгаа сонгогчид саналын хуудсыг буруу тэмдэглэх явдал их гарч байна. Орон нутгийн 10 цаг 26 минутад очиход 19 сонгогч саналын хуудсыг буруу тэмдэглэсэн хэмээн тэмдэглэл хөтлүүлж дахин хуудас аваад байлаа.
Энэ хэсэгт 28 сонгогч шилжиж ирсэн аж. Улаангом сумын 2-р багийн иргэд тус хэсэгт саналаа өгч байгаа бөгөөд хөдөөгийн багийн сонгогчид тул ирц өндөр байна.
Сонгогчдын ирц өндөр байна
УИХ-ын сонгуулийн 33-р тойргийн 3-р хэсэг, Увс аймгийн ИТХ-ын 20-р тойрогт санал хураах үйл ажиллагаа хуулийн дагуу орон нутгийн цагаар өглөө 6.00 цагт эхэлжээ.
Энэ хэсэгт 1569 сонгогч бүртгэгдсэн бөгөөд орон нутгийн 10.40 минутын байдлаар сонгогчдын ирц 20 гаруй хувьтай байлаа. Тус хэсгээс 4 сонгогч шилжин явж, 24 сонгогч шилжиж ирсэн байна. Хоёр сонгогч “түр хасав” гэсэн тэмдэглэгээтэй байсныг сэргээжээ. Зөөврийн саналын хайрцгаар 18 сонгогч санал өгөхөөр хүсэлт гаргаснаас 17 нь саналаа өгчээ. Үлдсэн нэг хүн нь гэртээ байхгүй байсан тул өнөөдөр өөрийн биеэр очиж саналаа өгөхөөр болсон байна.
“Сонгогчид саналын хуудсыг буруу тэмдэглэх явдал их байна. Одоогоор 20 гаруй хүн саналын хуудсаа буруу тэмдэглэж дахин хуудас авсан. Хэрвээ хүчингүй хуудас ихдээд байвал сүүлийн сонгогчдод саналын хуудас хүрэлцэхгүй байж болзошгүй. Иймээс санал авах бүхээгт байгаа зааварчилгаатай иргэд сайн танилцах хэрэгтэй байна” хэмээн тус хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч Р.Орших мэдээллээ.
Увс аймаг Б.Батхүү