Уул уурхайн үйлдвэрлэл 2023 онд дахин эрчимжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн үйлдвэрлэлийн идэвхжил энэ онд сэргэж 2022 онд өмнөх оныхоос саарах ч 2023 онд дахин эрчимжихээр байгааг Монголбанкнаас гаргасан хоёрдугаар улирлын инфляцын тайланд онцолжээ.
Хилийн хоригтой холбоотой өнгөрсөн онд нүүрсний үйлдвэрлэл саарсан ч энэ онд “Оюутолгой”-н зэсийн баяжмалын хэмжээ нэмэгдсэнээр уул уурхайн салбарын үйлдвэрлэл 2021 онд сэргэх төлөвтэй. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж БНХАУ-ын хилийн боомтууд Монгол Улсаас нүүрс экспортлох автомашины тоог цөөлсөн нь өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нүүрсний үйлдвэрлэл багасахад нөлөөлж, уул уурхайн салбарын өсөлтийн төсөөллийг багасгах хүчин зүйл болжээ.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 2022 онд багасахад “Оюутолгой”-н зэсийн баяжмал, түүний алтны агууламж буурах хүлээлттэй байгаа нь нөлөөлж байна. Харин 2023 оноос “Оюутолгой”-н алтны агууламж алгуур багасах ч далд уурхайн олборлолт эхлэх учир үйлдвэрлэл нь нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байгаа аж.
Харин уул уурхайн бус салбарын өсөлт 2022 он хүртэл сайжрах бол 2023 онд тогтворжихоор байгааг тайланд дурджээ. Энэ онд уул уурхайн салбарын нөлөөгөөр тээврийн салбарын өсөлт багасах төлөвтэй аж. Мөн малын зүй бус хорогдол их байгаа нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, өсөлтийн төсөөллийг багасгах нөлөө үзүүлжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард алтны үнэ дунджаар 1769 ам.доллар/унци байсан бол тавдугаар сард дунджаар 1906 ам.доллар/унци болов. Үүнд АНУын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж буурсан, цар тахлын нөлөөг саармагжуулж, эдийн засгийг дэмжих багц хөтөлбөрийн дүнд ам.долларын ханш суларч байгаа, мөн улс орнуудын эдийн засаг сэргэж, инфляц хурдтай нэмэгдэх эрсдэл үүссэн нь аюулгүй хөрөнгө оруулалт алтны эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ.
Цаашид дээрх хүчин зүйлсээс гадна цар тахлын олон давалгаа гарах болон худалдааны маргаан даамжрах эрсдэлүүд төдийлөн буураагүй тул алтны үнэ огцом унахааргүй байна. Ийнхүү Блүүмберг, Австралийн Нөөц, Эрчим хүчний байгууллагын шинжээчдийн төсөөллийн дунджаар алтны үнэ 2021 онд 1761 ам.доллар/унци, 2022 онд 1672 ам.доллар/унци хүрч өмнөх төсөөллөөс бага зэрэг нэмэгдэх төлөвтэй.
Цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахад Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого нь худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарын өсөлтийг дэмжинэ гэсэн төсөөллийг нэмэгдүүлсэн. Боловсруулах салбарын өсөлтийг даган эрчим хүчний өсөлт нэмэгдэж буй. Мөн уул уурхайн бус салбарын идэвхжил сайжирснаар бүтээгдэхүүний цэвэр татварын төсөөлөл нэмэгдэх хүлээлттэй байна.
Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн салбарууд цар тахалтай холбоотой хүндрэлээс гарч, дотоод эрэлт сэргэснээр уул уурхайн бус салбар идэвхжихээр байна гэж тайланд тэмдэглэжээ.