Истанбулын Ататуркийн нисэх онгоцны буудалд 30 гаруй хүн амь үрэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-29 10:16:39

ИСТАНБУЛ. /ВВС/. Туркийн Истанбул хотын Ататуркийн нисэх онгоцны буудалд зэвсэгт этгээдүүд гал нээж, дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 36 хүн амь үрэгджээ. Уг халдлагыг тус нисэх онгоцны буудлыг онилсон террорист халдлага байж магадгүй гэж Туркийн холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Тус улсын Хуульзүйн сайд Бекир Боздаг хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ “халдлагын үеэр 147 хүн шархадсан” гэв.

Орон нутгийн цагаар өчигдөр оройн 10:00 цагийн үед  тус нисэх онгоцны буудлын терминал руу нэвтрэх цэгийн ойролцоо 3 зэвсэгт этгээд гал нээж, биедээ бэхэлсэн тэсрэх төхөөргүүдийг дэлбэлжээ.

Ататуркийн нисэх онгоцны буудлын нисэх/буух зурвасуудыг хааж, бүх нислэгийг цуцлаад байна.

Энэ сарын эхээр Истанбулд 11 хүн аминд хүрсэн террорист халдлага гарч байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ