Хүүхдээ хөхний сүүгээр хооллож дархлааг дэмжихийг уриалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-03 15:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногийг "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдрүүд" болгон тэмдэглэдэг. Энэ удаагийн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Манай улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэвтрүүлсээр иржээ. Нялх болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллохыг олон улсад хэрэгжүүлж байна.



Дэлхий нийтээр тархаад буй коронавирус хөхний сүүгээр дамжин халдварладаггүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөн мэдээлж байна. Тиймээс эхчүүд хүүхдүүдээ хөхний сүүгээр хооллож дархлааг дэмжих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.Эхийн сүү нь эсрэг биетүүд болон дархлааг дэмжих бодисыг агуулдаг учир таны хүүхдийг амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлж, дархлаажуулж чадна гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Гэхдээ эхчүүд хүүхдээ хөхөөр хооллохдоо ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахин, амны хаалт зүүж, гараа ариутгах хэрэгтэйг зөвлөж байна. Мөн өрөө, тасалгааны агаарыг солилцуулж, халдваргүйжүүлэхийг сануулж байна. 

Жирэмсэн эмэгтэйчүүд КОВИД-19-ын халдварт маш өртөмтгий, өндөр эрсдэлтэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд амьсгалын замын ямар нэг халдвараар өвчиллөө гэхэд нэн түрүүнд ийм хүмүүст үйлчлэх ёстой гэсэн заавар зөвлөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас гаргаад байна. 



Р.Батхишиг


Холбоотой мэдээ