Японы Хүүхдийг ивээх сангаас малчин өрхүүдэд тусламж үзүүлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-03 13:13:09

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хаврын цасан шуурганд өртсөн малчин өрхүүдэд Японы Хүүхдийг ивээх сангаас тусламж үзүүллээ. Тодруулбал, ЯХИС-ийн Хөтөлбөрийн захирал, Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, “Шороон шуурганд хариу өгөх төсөл”-ийн зохицуулагч О.Амартүвшин нар энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж, гамшигт нэрвэгдсэн Цагаан-Овоо сумын хоёр малчин өрхөд эсгий гэр, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдын 25 малчин өрхөд 50 ам.долларын өртөг бүхий Эрүүл ахуйн багц, 20 малчин өрхөд 100 ам.долларын мөнгөн тусламжийн ваучерыг хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон, амьжиргааных нь эх үүсвэр мал хуй нь үрэгдсэн малчин ард иргэдэд маань халуун сэтгэлийн гар сунган, хэрэгцээтэй зүйлсээр тусламж, дэмжлэг үзүүлж байгаа Японы Хүүхдийг ивээх сангийн хамт олонд Дорнод нутгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.” гэв.

 

Холбоотой мэдээ