Дулааны шугамын шинэчлэлийг хугацаанд нь дуусгах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 10:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Аравдугаар хорооллоос Сүлжмэл”-ийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулна.


Хотын дарга холбогдох албаныхны газар дээр нь ажиллаж, магистраль шугамын шинэчлэлийг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов. Тус 8А магистраль шугамыг анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсарч байсан бөгөөд 24 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусжээ. Өнгөрсөн өвөл гэхэд 3-4 удаа осол гарч, шуурхай арга хэмжээ авч, засаж байв.


“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 3.3 км буюу 8А магистраль шугамыг иж бүрэн шинэчлэн сольж байна. Ажлын явц 50 гаруй хувьтай байгаа. Есдүгээр сарын 15 гэхэд халуун  ус өгч, 10 дугаар сарын 15-н гэхэд тохижилтыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Хүндрэл гэвэл нийт 600 тонн гаруй турба Эрээнд саатсан. Эдгээрийг авчрахад 40 гаруй вагон шаардлагатай. Наймдугаар сарын 1 гэхэд турба угсарч эхлэх ёстой байсан ч 7-10 хоногоор саатах нөхцөл үүссэн”ийг хэлэв.


Яам, холбогдох байгууллагаас дэмжлэг хүсэж, албан бичиг илгээгээд байгаа. Шугам, сүлжээг шинэчлэх ажил долдугаар сарын 5-нд эхэлж, наадмын амралтын өдрүүдээр амралгүй ажиллажээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн дулааны шугам сүлжээ, хангамжийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд оруулж, шуурхай шийдэхгүй бол Улаанбаатар хот орон сууцны хорооллоо тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулахад хүндрэл үүснэ. Өнгөрсөн өвөл дулаан хангамжийн гол шугамууд задарч, зарим орон сууц хөлдөх хэмжээнд хүрсэн. Иймд Сүлжмэл”-ийн үйлдвэрээс 10 дугаар хороолол хүртэлх шугам сүлжээг шинэчилж байна. Хотын дулаан хангамжийн 91 км шугам, сүлжээг зайлшгүй солих шаардлагатай. Үүнд 350 тэрбум төгрөг хэрэгтэй. Дулааны эх үүсвэрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийхгүйгээр орон сууцны бодлого явахгүй. Үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын 146 дугаар тогтоол гарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулагдсан” хэмээсэн юм.  


Холбоотой мэдээ