“Талибан” Афганистаны томоохон хотууд руу довтолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-01 11:29:04

КАБУЛ. /BBC/. Афганистаны томоохон гурван хотыг “Талибан” хөдөлгөөний босогчид Засгийн газрын цэргүүдээс булаан авахыг оролдож байгаатай холбоотойгоор тус улсын өмнөд, баруун нутгаар мөргөлдөөн газар авч байна.


Тодруулбал, “Талибан”-ы босогчид Херат, Лашкар Гах, Кандахар хот руу нэвтрэн оржээ. Афганистан дахь гадаадын бараг бүх цэргийг есдүгээр сар гэхэд гаргана хэмээх мэдэгдэл гарснаас хойш босогчид хөдөө орон нутгийг эзлэн авах ажиллагаагаа түргэтгэжээ.


Хүмүүнлэгийн хямрал үүсэж болзошгүй байгаагаас гадна Засгийн газрын цэргүүд хэр удаан тэсэх нь тодорхойгүй байгаа энэ үед эдгээр гурван хотын хувь заяа шийдвэрлэх ач холбогдолтой байж магадгүй юм. Шинжээчдийн үзэж буйгаар, “Талибан” хөдөлгөөн Афганистаны нутаг дэвсгэрийн тэн хагасыг хэдийнээ эзэлсэн бөгөөд үүнд Иран, Пакистантай залгаа ашиг ихтэй хилийн боомтууд багтаж байна.


Мөн бямба гарагт Лашкар Гах хот дахь босогчид захирагчийн байрнаас хэдхэн зуун метрийн зайд очсон боловч шөнө болоход ухарчээ. Тэд сүүлийн хэдэн хоногт ийм оролдлогыг хоёр дахиа хийсэн нь энэ аж. Афганистаны цэргийн хүчний командлагчийн мэдээлснээр, баасан гарагт олон тооны босогчийг устгасан байна.


“Хот “Талибан”-д эзлэгдэх ноцтой эрсдэлд байна. Олон арван мянган оршин суугч хэдийнээ дүрвэж, хүмүүнлэгийн хямрал тулж ирээд байна” гэж Кандахар хотын нэгэн парламентын гишүүн “BBC” телевизэд мэдээлжээ. Түүний хэлснээр, нөхцөл байдал цаг цагаар муудаж байгаа бөгөөд хотод сүүлийн 20 жилд байгаагүй мөргөлдөөн үүсжээ.  



Мөн “Талибан” одоо Кандахар хотыг түр нийслэлээ болгохоор голчлон онилж байна. Хэрвээ энэ хот эзлэгдвэл тус бүс нутаг дахь тав юм уу зургаан муж тэдний хяналтад орж болзошгүй гэдгийг тэрбээр хэлжээ.


Tolo News” телевизийн сурвалжлагчийн мэдээлснээр, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой Херат хотын өмнөд хэсэгт “Талибан”-ы босогчид нэвтэрснээр мөргөлдөөн даамжирсан байна. Тодруулбал, наад зах нь таван байршилд мөргөлдөөн үүсжээ.


АНУ-ын хувьд нисэх буудлын ойролцоох дүүргийг эргүүлэн авсан Афганистаны цэргүүдэд дэмжлэг үзүүлэхээр агаарын цохилт өгсөөр байна. Түүнчлэн нисэх буудлын ойролцоох НҮБ-ын байрны гадна байсан хамгаалагч баасан гарагт амиа алдсаныг НҮБ “Талибан”-ы санаатай халдлага хэмээн тодорхойлжээ.


Оршин суугчдын мэдээлснээр, хотын цөөн хэдэн хэсэг л аюулгүй байгаа бөгөөд зарим хүн өөрсдийгөө хамгаалахын тулд зэвсэг барих болжээ. 




Холбоотой мэдээ