Ч.Батжаргал өнөөдөр 60-70 км замыг туулснаар Үенч сумын төв орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-07 14:16:55

Ховд /МОНЦАМЭ/. Иргэн Ч.Батжаргал Ховд аймгийн төвөөс Үенч сум хүртэл 350 км зайд гүйхээр энэ сарын 4-ний өдөр гараанаас гарсан. 

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Үенч сумын нутаг, “Их улаан даваа” гэх газрыг туулжээ. Одоо “Нарийний бэлчир” гэх газар орчимд гүйж явна.  

Тэрбээр одоо 60-70 км замыг туулж, долоодугаар сарын 7-ны өдрийн 17:00 цаг гэхэд Үенч сумын төв орох зорилго тавьсан байна. 

Энэ жил Ховд аймгийн Үенч сум байгуулагдсаны 90 жил, сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож буй.

Иймээс тус ойг угтаж Үенч сумын уугуул, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч, олон улсын хэмжээний мастер, хэт холын зайн гүйлтийн марафончин Чулуудайн Батжаргал ийнхүү Ховд аймгийн төв талбайгаас Үенч сум хүртэл 350 км холын зайн гүйлт хийж байгаа юм. Тэрбээр өдөрт 120 км замыг туулж яваа.

Тэрбээр 2017 онд 135 км зайн гүйлтийг 12 цагт туулж, Монгол Улсын рекорд тогтоож байсан.   

Мөн олон улсын чанартай тэмцээн уралдаанд улс, аймаг орон нутгаа төлөөлөн оролцож байсан шилдэг тамирчдын нэг юм.  

Холбоотой мэдээ