НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2021-07-05 18:49:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч А.Хайкенсыг Монгол Улсад ажиллах томилолтын хугацаа нь дуусаж байгаатай холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангаас манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах чиглэлээрх Засгийн газрын бодлогыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Суурин төлөөлөгч А.Хайкенсын удирдлага дор тус сангаас хэрэгжүүлсэн цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин био бэлдмэлийн төв агуулах шинээр барих болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулах зэрэг ажил нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

А.Хайкенс нь НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын сацуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үүсээд буй онцгой нөхцөл байдал, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгч ажилласан болохоо тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Сайд Б.Батцэцэг цаашдын ажилд үйлсэд нь амжилт хүсч, Суурин төлөөлөгч А.Хайкенсд ГХЯ-ны “Алтан гэрэгэ”-г дурсгал болгон гардуулав.

Нидерланд Улсын иргэн А.Хайкенс 2017 онд манай улсад суух НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба өнгөрсөн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож ажиллажээ. Тэрбээр Азербайжан Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба манай улсад суух шинэ Суурин төлөөлөгчөөр Мьянмар Улсын иргэн Мио-Зин томилогдоод байна.

Холбоотой мэдээ