Уралдаан зохион байгуулсан уяачдад хариуцлага тооцжээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-05 11:00:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт тогтоосон дэглэм зөрчсөн уяачдад хариуцлага тооцжээ. Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр хурдан морины бооцоот сунгаа зохион байгуулсан 33 уяач тус бүрийг 500,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

Энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Могод сумын 1 дүгээр багийн нутаг “Хөөвөр” гэдэг газар Булган аймгийн Булган, Хишиг-Өндөр, Могод, Сайхан, Архангай аймгийн Өлзийт сумын уяач иргэд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны А/57 дугаартай тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2021 оны А/04 дүгээр захирамжийг тус тус зөрчин хүүхэд оролцуулан зургаан насны хурдан морины бооцоот сунгаа зохион явуулж, хүүхдийн амь, эрүүл мэндэд аюул учруулсан зөрчил гаргасан юм.

Цаашид иргэд коронавирусний цар тахлын дэгдэлттэй байгаа энэ үед эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрийг зөрчиж, хүүхдийн эрүүл мэнд, амиар дэнчин тавьж хурдан морины сунгаа, уралдаан зохион байгуулахгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ