Эрдэнэтэд Үйлдвэр технологийн парк байгуулснаар 6000 хүн ажлын байртай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-07-02 13:43:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны хэлэлцэх асуудлын дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Даваадорж, ШУТИС-ийн профессор Б.Чинзориг нар оролцсон юм.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна”  гэж  тусгасан.

 

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт буюу үйлдвэрлэлийн бүсэд уул, уурхай, металлург-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-т тусгай зөвшөөрөл олгосон. Уг үйлдвэрийг байгуулахад “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн бүсэд 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай байгаа тул тус асуудлыг дээрх хурлаар хэлэлцсэн.

 

Үйлдвэр технологийн парк байгуулснаар нийт таван үйлдвэр байгуулах буюу Эмульс, тэсрэх бодис, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр, Засвар механикийн заводын өргөтгөл, Зэсийн баяжмал хайлуулах, Хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах ажээ. Эдгээр таван үйлдвэрийг байгуулахад 1.83 их наяд төгрөг шаардлагатай. Уг үйлдвэрүүд ашиглалтад орсноор эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, улсын болон орон нутгийн татварт 1.2  их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн дагалдах 30-50 үйлдвэр байгуулна. Нийт 6000 орчим ажлын байр бий болно.

Үйлдвэрийг дагаж төмөр зам, 10.4 км даацын хатуу хучилттай авто зам, 5.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, усан хангамж ариутгах татуурга шинээр барина.

Дээрх ажлыг бүтээн байгуулахад улсын төсвөөс 133.6 тэрбум төгрөг гаргана. 

 

Холбоотой мэдээ