Төсвийн тодотголтой уялдуулан хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-07-01 22:19:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.


Хуулийн төслийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулав. Дээрх хуулийн төслийг 2021 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны эхний улирлын эдийн засгийн бодит өсөлт 15.7 хувьд хүрснийг зарласан бөгөөд цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр эдийн засгийн бодит өсөлт энэ оны эцэст 6.5 хувьд хүрэхээр байгаа. Түүнчлэн олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлж байгаа аж.


Тиймээс Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулийн үйлчлэх хугацаанд мөрдөгдсөн хязгаарлалтуудыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тусгах шаардлага үүсжээ. Мөн УИХ, Засгийн газраас цар тахлын эсрэг цаашид авч хэрэгжүүлэх ажилд шаардагдах төсвийн зардлыг 2021 оны төсөвт тусгаснаар төсвийн алдагдлын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 8.8 хувьд хүрч нэмэгдэхээр байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын хязгаарлалтуудыг хойшлуулан өөрчлөх шаардлагыг бий болгож байгаа аж. Дээрх хуульд заасан нөхцөл болон бодлогын өөрчлөлтийг хуульд тусгах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65 хувиас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа нар асуулт асууж тодруулан гишүүн Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ нар үг байр сууриа илэрхийллээ. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож танилцав.


Монгол Улсын нэгдсэн төсвийн энэ оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33 хувь, хөрөнгийн зардлын хэмжээ 3 их наяд 540.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.4 хувь, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1 их наяд 363.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.2 хувь байхаар тус тус тооцжээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувийн алдагдалтай байхаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас саарч, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орохоор байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тусгах, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасны дагуу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, зардлыг хэмнэх зэрэг томоохон бодлогын өөрчлөлтийг 2021 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүсжээ. Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар 2021 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.7 хувиар нэмэгдэж, ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэхээр байгаа аж.


Иймээс дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ